“Монгол орны хөгжилд XIII” дэд чуулга, уулзалт Сөүл хотноо энэ оны 5 дугаар сарын 13-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Чуулга, уулзалтыг ГХЯ, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим өртөө холбоо” ТББ, БНСУ дахь ТББ-уудын Нэгдсэн зөвлөл, БНСУ-д суралцагч Монгол оюутны холбоо, хамтран зохион байгуулав.
Энэ удаагийн чуулга, уулзалт “Монгол хүн ба Монголын ирээдүй” үндсэн сэдвийн хүрээнд “БНСУ дахь Монгол иргэдийн хөдөлмөр, бизнес эрхлэх орчин, шийдвэрлэх асуудлууд”, “Зүүн хойд Ази ба Монголын ирээдүй”, “Монгол орны ирээдүй” гэсэн дэд сэдвүүдийн дор болж чуулга, уулзалтад Монгол Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Ирланд, Белгийн Вант Улс, Тайландын Вант Улс, БНФУ, ИБУИНВУ, БНИУ, ХБНГУ зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөгчдөөс гадна манай улсын нийгэм, эдийн засгийн төлвийн талаар судалдаг Солонгосын ТББ-уудын нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Чуулга, уулзалтад оролцсон төлөөлөгчид БНСУ дахь монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахтай холбоотой шийдвэрлэх асуудлууд, эх орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж, монголын ирээдүйн бизнес загвар, Монгол дахь гарааны бизнесийн орчин, Зүүн Азийн орнуудын Монгол оюутны холбоодын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол залуусын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, оролцогчдын дунд асуулт, хариулт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулга, уулзалтад оролцогчдод Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд мэндчилгээ дэвшүүлж, чуулга уулзалтыг зохион байгуулсан БНСУ дахь ТББ-уудын Нэгдсэн зөвлөл болон БНСУ-д суралцагч Монгол оюутны холбоонд ГХЯ-ны “Талархал”-ыг гардуулав.