Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов.

АНДЭЗНК-ын 73 дугаар чуулганы хүрээнд болж буй өндөр түвшний энэ хэлэлцүүлгээр бүс нутгийн тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын дэд бүтцийн салбарын ололт амжилт, бэрхшээл сорилт, дэд бүтцийг дэмжих боломж, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид бүс нутгийн хөгжилд дэд бүтцийн зөв төлөвлөлт, зохистой санхүүжилт шаардлагатай гэж үзсэн бөгөөд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, зохицуулалтын механизмыг сайжруулах, зөөлөн дэд бүтцийг дэмжих, салбарын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн санхүүжилтийг татах, хамтарсан санхүүжилт хийх, дэд бүтцийн итгэлийн сан бий болгох шаардлагатай гэж үзэв. Мөн хөрш орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын байгууллага, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахын чухлыг онцолж туршлагаасаа хуваалцав.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ АНДЭЗНК байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж,  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тус комисс дэмжлэг үзүүлж ирснийг онцлов. Түүнчлэн далайд гарцгүй байдал нь манай улсын хувьд сорилт болохыг тэмдэглээд худалдааны тарифын болон тарифын бус хориг саад, тээвэрлэлтийн өндөр зардлаас үүдэлтэй бэрхшээл нь манай бизнес эрхлэгчдэд  тулгардаг гол асуудал болохыг тэмдэглэв. АНДЭЗНК-ын “Тусгай хэрэгцээ, шаардлагатай улс орнуудын хөгжлийн 2017 оны илтгэл”-д туссан төр, хувийн хэвшлийн түншлэл болон албан ёсны хөгжлийн тусламжийн зэрэгцээ “Бүс, Зам” зэрэг санаачилга нь жижиг орнуудад дэд бүтцээ хөгжүүлэх таатай боломж олгож байгааг онцлов. Сайд Ц.Мөнх-Оргил мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, транзит тээврийн зохицуулалт зэрэг дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.