Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ДАРГА К.В.ЮДАЕВАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ДАРГА К.В.ЮДАЕВАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Төв Банкны тэргүүн дэд дарга К.В.Юдаеватай өөрийн хүсэлтээр ОХУ-ын Төв Банкинд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Уулзалтад монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас тус Банкны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.В.Лякишев, хуулийн зөвлөх Е.Зайцев нар оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэж, дээрх хөтөлбөрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр эцэслэн батлахад оросын тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Элчин сайд энэ оны 6 дугаар сард болох хоёр орны Төв банк хоорондын II зөвлөлдөх уулзалтыг амжилттай хэрэгжүүлэхэд тус ЭСЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.

ОХУ-ын Төв Банкны тэргүүн дэд дарга К.В.Юдаева “Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээр” батлагдснаар хоёр улсын санхүүгийн харилцаа сэргэх, шинэ агуулгаар баяжих нөхцөл бүрдсэнийг тэмдэглээд хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн дэвсгэртийг хэрэглэх асуудлаарх оросын байр суурийг илэрхийлэв. Тэрээр хоёр орны бүс нутгийн банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсний зэрэгцээ Монгол Улсын банкны салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, туршлага хуваалцах арга хэмжээг зохион байгуулах боломжийг судалж үзэхийг хүсэв.

Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын бодлогын болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсныг талууд дүгнэн тэмдэглэв.