НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 73 дугаар чуулган Тайландын Вант Улсын Бангкок хотноо энэ оны 5 дугаар сарын 15-19-нд болж байна.
Энэ удаагийн чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 45 улс, НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл оролцож, “Тогтвортой эрчим хүчний төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор хүртээмжтэй, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэн, холбогдох тогтоолын төслүүдийг батлах юм.
АНДЭЗНК-ын 73 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тэрээр АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцоно. Манай төлөөлөгчид Засгийн газрын гадаад, дотоод бодлогын зорилт, нийгэм, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна.