Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛЫН ДОКТОРУУД ТОКИОД ЧУУЛЛАА

МОНГОЛЫН ДОКТОРУУД ТОКИОД ЧУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум” Токио хотноо амжилттай болж өнгөрлөө.

Япон Улсад манай хоёр мянга гаруй залуус суралцдаг бөгөөд 160 гаруй нь докторын түвшний судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Саяхан эрдэмтэн, судлаач залуусыг эгнээндээ нэгтгэсэн “Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм” байгуулагдаж, “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум”-аар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Анхдугаар форумд улс төр судлал, эдийн засаг, худалдааны бодлого, цөмийн физик, хиймэл дагуул, нийгмийн эрүүл мэнд, соёлын өвийн хамгаалал, боловсрол судлал, боловсролын хөгжил, байгаль орчин, биотехнологи зэрэг сэдвүүдийн хүрээнд хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг танилцуулж, хэлэлцүүллээ. Форумд монголч эрдэмтэд Ока Хироки, Шимамүра Иппэй нар оролцож монголын түүх, соёлын талаар хийсэн судалгааны ажлуудаа оролцогчдод танилцуулсан нь их сонирхолтой байв.

“Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум”-ыг ГХЯ, Токио дахь ЭСЯ дэмжин ажилласан бөгөөд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцогчдод мэндчилгээ хүргүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүссэн. ГХЯ-наас Монгол Улсын Засгийн газраас гадаад сурталчилгаа-соёлын бодлого болон хилийн чанад дахь иргэдэд чиглэсэн бодлого, зорилтыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Форумд танилцуулсан судалгааны ажлуудыг эмхтгэн гаргаж холбогдох салбаруудад хүргүүлэх болно.