Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.04.24-2017.04.28

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.04.24-2017.04.28

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БРИТАНИЙН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН ЯАМНЫ БАЙНГЫН ОРЛОГЧ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАКДОНАЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналдыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал  солилцлоо.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН ТУСЛАХ ДЭД САЙД ДОНАЛД БОБИАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиашийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД СУУХ ШИНЭ ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Душан Белла, Шведийн Вант Улсын Элчин сайд Анна Линдстэд, Балба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Леэла Мани Паудял, Бүгд Найрамдах Намиби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Элия Жиоржи Кайямо болон Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вини Натала Чибэсакунда нарыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан тус тус хүлээн авч уулзав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БНСУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцох БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН IX ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, солонгосын талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман нар тус тус тэргүүлж оролцов.

МОНГОЛ, БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Британийн Дугуй ширээний  уулзалт  Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалтад манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дипломат албаны тэргүүн С.Макдоналд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ЗАРИМ ЭЛЧИН САЙД НАРЫГ ШАГНАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Казахстан Улсын ЭСЯ-тай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Казахстан Улсын Элчин сайд К.Кобландин нар үзэсгэлэнг нээж үг хэлж, төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд үзэсгэлэнд уригдан оролцов.