Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрУИХ-ЫН ГИШҮҮД КАНАДАД АЙЛЧИЛЛАА

УИХ-ЫН ГИШҮҮД КАНАДАД АЙЛЧИЛЛАА

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  2017 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад айлчлав.

УИХ-ын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхаж, Канадын парламент дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатор Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансуси,  Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Манай төлөөлөгчид олон жилийн түүхтэй Канадын Парламентын үйл ажиллагаатай танилцан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс нь Монголын ардчилал, хүний эрх, хөгжлийг ямагт дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэд Канадын Онтарио мужийн парламентын гишүүдтэй Торонто хотноо уулзаж, мужийн парламентын үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү айлчлал нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан юм.