Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад IV” их наадмын Азийн бүсийн тэмцээнийг Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Биеийн тамир спортын газар, Монголын оюутны спортын холбоо, БНХАУ дахь Монгол оюутны холбоо хамтран 4 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн их сургуулийн спорт цогцолборт зохион байгуулав.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг тэмцээний үйл ажиллагааг нээн үг хэлэв.
Оюутнуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, оюутнуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү тэмцээнд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин, Нанжин, Ухань, Хөххот, Тунляо, Ши-ань, Тайвань болон БНСУ-д суралцаж буй 200 гаруй оюутан тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс дараах баг, тамирчид алт, мөнгө, хүрэль медаль болон цом хүртэв.
“Универсиад IV” их наадмын Азийн бүсийн тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд I байрыг Тайваньд суралцагчид, II байрыг Шанхайд суралцагчид, III байрыг Хөххотод суралцагчид, эмэгтэй төрөлд I байрыг Хөххотод суралцагчид, II байрыг Бээжинд суралцагчид, III байрыг Өмнөд Солонгост суралцагчид тус тус эзлэв.
“Универсиад IV” их наадмын Азийн бүсийн тэмцээний ширээний теннисны аварга шалгаруулах тэмцээнд ганцаарчилсан төрөлд эрэгтэй тамирчдаас I байранд Б.Эгшиглэн /Бээжин хотод суралцагч/, II байранд Г.Амартүвшин /Өмнөд Солонгост суралцагч/, III байранд Ж.Батсайхан /Тяньжин хотод суралцагч/ шалгарсан бол эмэгтэй төрөлд I байранд Г.Индра /Бээжин хотод суралцагч/, II байранд Б.Уянга /Хөххотод суралцагч/, III байранд Э.Очирсүрэн /Хөххотод суралцагч/ шалгарлаа. Ширээний теннисны хосын төрөлд I байрыг Б.Эгшиглэн, Г.Индра /Бээжинд суралцагч/, II байрыг Г.Амартүвшин, Б.Гиймаа /Өмнөд Солонгост суралцагч/, III байрыг Б.Сансар, Б.Уянга /Хөххотод суралцагч/ нар тус тус эзлэв.
“Универсиад IV” их наадмын Азийн бүсийн тэмцээний шатрын төрлөөр эрэгтэй шатарчдын тэмцээний I байранд Н.Баянмонгол /Нанжинд суралцагч/, II байранд Н.Баярсайхан /Хөххотод суралцагч/, III байранд Б.Лхагвасүрэн /Хөххотод суралцагч/, эмэгтэйчүүдийн шатрын тэмцээний I байранд Б.Билэгжаргал /Ши-аньд суралцагч/, II байранд Б.Мандухай /Шанхайд суралцагч/, III байранд М.Уранцэцэг /Бээжинд суралцагч/ нар тус тус шалгарав.
Багийн нийлбэр дүнгээр I байрыг Хөххотод суралцагчид, II байрыг Бээжинд суралцагчид, III байрыг Шанхай, Өмнөд Солонгост суралцагчид тус тус эзлэв.
Спортын 3 төрлөөр үзүүлсэн амжилтын нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт Монгол Улсын Засгийн газрын цом, мөнгөн шагнал олгосон бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал олгов.
Тэмцээний шагналыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Элчин зөвлөх Т.Батцэцэг, Зөвлөх Т.Дашзэвэг, БНХАУ дахь МОХ-ын Ерөнхийлөгч А.Ариунтэнгэр, Дэд Ерөнхийлөгч Н.Болдбаатар болон хамтран ажилласан Хятадын байгууллагуудын төлөөлөл гардуулав.