Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд К.Харадаг 2017 оны 5 дугаар сарын 2-нд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэн, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэж, Стратегийн түншлэлийг дараачийн шатанд дэвшүүлэхийн чухлыг онцлов.
Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд К.Харада хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн жилд Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Япон Улс 2025 онд болох Дэлхийн ЭКСПО-г Осака хотноо зохион байгуулахаар албан ёсоор нэрээ дэвшүүлж буйг мэдэгдэж, уг асуудлаар Монгол Улсын дэмжлэгийг хүсэв.
Япон Улс Дэлхийн ЭКСПО-г Осака хотноо 1970 онд анх зохион байгуулж байжээ. 2025 оны ЭКСПО-г японы тал “Сайхан нийгмийн төлөөх загварыг бий болгох нь” сэдэв дор зохион байгуулах санал дэвшүүлээд байгаа юм байна.