Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДЫН ДЭД БҮТЦИЙН ХОЛБООСЫГ СУДЛАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДЫН ДЭД БҮТЦИЙН ХОЛБООСЫГ СУДЛАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв Сидней хотын их сургуультай хамтран “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь” сэдэвт хамтарсан бага хурал зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нээж үг хэлсэн бөгөөд ДГХБО-ын ОУСТ болон хамтарсан судалгааны ач холбогдол, Монгол болон бусад ДГХБО-д үзүүлэх үр нөлөөг онцлон тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээ нь ДГХБО-ын ОУСТ болон Сидней хотын Их сургуулийн хооронд 2015 онд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа анхны судалгааны тайлангийн төслийг хэлэлцүүлэх бага хурал юм.

Уг арга хэмжээгээр хамтарсан судалгааны тайлангийн төслийг танилцуулж, худалдаа болон хөгжлийн асуудлуудыг судалдаг төрийн албан хаагч, судлаач, их сургуулийн төлөөлөл, судалгааны төв, хувийн хэвшлийн төлөөллүүд болон бусад зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 ДГХБО-ын ОУСТ-ийн түнш Сидней хотын их сургуулийн судлаач нар ДГХБО-ын Олон улсын худалдаа, Мэдээлэл харилцаа холбооны технологийн холбоос болон Тээвэр гэсэн 3 сэдвээр хийсэн судалгааны дүгнэлтээ танилцуулав.

1 дүгээр хэсэг: Олон улсын худалдаа ба уялдаа холбоо – Др Сандра СЕНО-АЛДЕИ

“Голланд өвчин”-г дахин авч үзэх нь: эдийн засгийн төрөлжүүлэлт нь Лаосын эдийн засгийн өсөлт, олон улсын худалдаа дахь оролцоо болон хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлсөн.

2 дугаар хэсэг: Мэдээлэл харилцаа холбооны технологийн холбоос – Др Барней ТАН

Технологийн үсрэнгүй хөгжил: Азербайжан Улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил.

3 дугаар хэсэг: Тээвэр болон дэд бүтцийн холбоос – Др Шаовэн ФУ

Төв Ази дахь агаарын тээврийн либералчлах загварчлал: Зах зээлийн судалгаа болон нэг бүс, нэг зам санаачлагад үзүүлэх нөлөө.

Тус арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хөдөө, аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн институт, Монгол Улсын их сургууль, Стратегийн судлалын хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөллүүд болон Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.

ДГХБО-ын ОУСТ-өөс тус арга хэмжээний үеэр оролцогчдын зүгээс гаргасан санал шүүмжлэлийг судалгааны ажилд тусгаж, 2017 оны 7 дугаар сард хэвлүүлэн төр засгийн байгууллагуудын удирдлага болон олон нийтэд хүртээл болгохоор ажиллаж байна.