ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцох БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.
Тэрбээр консулын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцөл зэрэг хоёр улсын иргэдийн өдөр тумын амьдралд тулгамддаг олон төрлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн тусгайлсан зөвлөлдөх механизм болохыг уулзалтын үеэр онцлов. Иймд консулын уулзалтын давтамжийг хадгалах, тогтмолжуулахаас гадна консул, иргэдийн аливаа асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд чиглүүлэхийн чухлыг тэмдэглэв. БНСУ-ын ГХЯ-тай хийдэг консулын зөвлөлдөх уулзалтын анхны санаачлагчийн хувиар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тус уулзалт нь өдгөө 9 дэх удаа хуралдаж, хоёр талын төрийн байгууллага, яам, агентлагийн төлөөлөл бүхий өргөн хүрээтэй бүрэлдэхүүнээр зохион байгуулагддаг болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн иргэд зорчих нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх, алсдаа визийн шаардлагаас чөлөөлөх томоохон зорилт тавин, хоёр талаас хүчин чармалттай ажиллахын чухлыг тэмдэглэв.
БНСУ-д 36000 орчим монгол иргэд сурч, ажиллаж, амьдардгийн хувиар Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдгээр иргэдийн асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг болохыг дурдаж, иргэдэд тулгарч байгаа аливаа асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг солонгосын талаас хүслээ.
Уулзлтын үеэр мөн Солонгосын хойг болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны зарим сонирхсон асуудлаар санал солилцов.