Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.04.17-2017.04.21

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.04.17-2017.04.21

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзан Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЭЙЧЮНЬ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Ян Вэйчюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид анхаарах асуудлаар ярилцав.

МОНГОЛ УЛС, ТӨВ АЗИЙН ЗАРИМ ОРНУУДТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Туркменистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2017 оны 4 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд тус тус тохиож байна.  Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын төр, засгийн тэргүүн, УИХ-ын дарга болон Гадаад харилцааны сайдын түвшинд баярын захидал харилцан солилцов.

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТОД БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан болов. Хуралдаанд БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд ЗГХК-ын Хятадын талын Ажлын хэсгийн дарга Ян Вэйчюнь, ГХЯ-ны ХөОГ-ын захирал бөгөөд ЗГХК-ын Монголын талын Ажлын хэсгийн дарга Т.Жанабазар нар төлөөлөгчдөө ахлан оролцов.