Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр Монгол Улсаас Олон Улсын Далайн Байгууллага (ОУДБ)-д суух Байнгын төлөөлөгчийн хувиар тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс – ОУДБ-ын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Энэ үеэр Элчин сайд С.Баяр далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, усан замын тээврийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, эл салбарт гарсан ололт, цаашид ОУДБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, энэ салбар дахь дотоодын хууль тогтоомж, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэхэд тус байгууллагын техникийн туслалцаа шаардлагатай байгааг онцоллоо.
ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Монгол Улсаас ОУДБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон Элчин сайд С.Баярт баяр хүргэж Монгол Улс – ОУДБ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, далайн тээврийн салбарыг хөгжүүлэхэд нь Монгол Улсад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авахаа илэрхийллээ.