Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬ (МГИМО)-Д ИЛТГЭЛ ТАВИВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬ (МГИМО)-Д ИЛТГЭЛ ТАВИВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москвагийн олон улсын харилцааны их сургууль (МГИМО)-д 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зочлов. Элчин сайдыг тус сургуулийн ректор А.В.Торкунов, Магистр, олон улсын хөтөлбөр хариуцсан проректор А.А.Байков, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Е.А.Андреев нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтад тус ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, II нарийн бичгийн дарга А.Тамир нар оролцов.

Уулзалтын үеэр талууд тус их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сургалт, нийгмийн асуудал, “МГИМО төгсөгчдийн холбоо”-ны 2018 оны уулзалтын талаар санал солилцов. МГИМО-гийн ректор А.В.Торкунов Монгол Улсыг сурталчлан таниулах их аян өрнүүлэн тус сургуулийн багш, оюутнуудад илтгэл тавихаар ирсэн Элчин сайд Б.Дэлгэрмаад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Уулзалтын дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа МГИМО-гийн 100 гаруй багш, оюутнуудад Монгол Улсын тухай түүх, соёлын танилцуулга видео бичлэг дагалдсан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гарц” сэдэвт лекц уншиж, багш, оюутны сонирхсон асуултад хариулав.

Уулзалтын төгсгөлд тус сургуулийн Монгол судлалын орос оюутнууд, “МГИМО-гийн монгол оюутнуудын холбоо”-ноос урлагийн бяцхан тоглолт үзүүлж, Элчин сайд Б.Дэлгэрмаад талархлаа илэрхийлэв.

Тус сургуулийн боловсон хүчний бодлого хариуцсан проректор В.М.Морозов Элчин сайд Б.Дэлгэрмаагийн лецк агуулга, мэдээлэл сайтай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэнийг тэмдэглэн тус сургуулийн багш, оюутан, түүний дотор Монгол судлалаар мэргэшиж буй олон улсын харилцааны ирээдүйн мэргэжилтнүүдэд онцгой ач холбогдолтой болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Элчин сайдын санаачилсан энэхүү аянг үргэлжлүүлэх нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм гэж тэмдэглэв.