Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд Москва дахь “Олон улсын эмэгтэйчүүдийн клуб”-ын 21 дэх удаагийн “Дэлхийн элчин сайдын яамдын үдэшлэг”-ийг анх удаа зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээ нь тус клубын жил бүр зохион байгуулдаг буяны үйлсийн хандив цуглуулах нэр хүндтэй томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. ЭСЯ-ны ажилтнууд тус клубээс зохион байгуулдаг жил бүрийн “Өвлийн өргөн худалдаа” хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Москва дахь “Олон улсын эмэгтэйчүүдийн клуб” арга хэмжээнээс цуглуулсан хандивын хөрөнгийг Оросын ядуу өрхийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, амьжиргааны доод түвшний иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн олон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулдаг байна.
Москва дахь “Олон улсын эмэгтэйчүүдийн клуб”-ын Ерөнхийлөгч Виктория Селиго Элчин сайд Б.Дэлгэрмаад тавьсан хүсэлтийн дагуу “Дэлхийн элчин сайдын яамдын үдэшлэг”-т оролцох Австрали, Их Британи, Франц, ХБНГУ-ыг төлөөлсөн хүндэт зочдыг Элчин сайд хүлээн авч уулзав. Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, зан заншлын талаар ЭСЯ-ны ажилтнууд танилцуулж, монгол оюутнуудын бэлтгэсэн морин хуурын аялгууг орчин үеийн жааз хөгжмийн эгшигтэй хослуулан сонордуулж, монгол ардын биелгээг бүжиглэж үзүүлэв. Мөн арга хэмжээний хүрээнд хүндэт зочдыг монгол идээ зоогоор дайлж, монгол гэрт зочлуулав.
Москва дахь буяны олон улсын байгууллагаас зохион байгуулж буй энэхүү томоохон арга хэмжээнд ач холбогдол өгч анх удаа хүлээн авсан Монгол Улсын ЭСЯ-ны хамт олонд оролцогсод болон клубын Ерөнхийлөгчөөс талархал илэрхийлэв.