Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, “L.Ron Hubbard” сантай хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг Вашингтон хотын “L.Ron Hubbard House” музейд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Жим Хеллер, АНУ-д суугаа Болгар, Малти, Кипр, Хорват, Словак Улсын Элчин сайд нар, АНУ-ын Батлан хамгаалах яам, Үндэсний урлагийн галлерей зэрэг байгууллагын төлөөлөл, Вашингтон хот орчимд ажиллаж, амьдарч буй монгол иргэд зэрэг 80 гаруй хүн оролцов.
Арга хэмжээг нээж “L.Ron Hubbard” сангийн Ерөнхийлөгч Уиллиам Рунион, Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Жим Хеллер нар үг хэлж, Элчин сайд Б.Алтангэрэл “Монгол Улс, АНУ-ын харилцаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр лекц уншин, сонирхсон асуултад хариулав.
Мөн оролцогчдод гэрэл зурагчин Ц.Бадамхандын Монголын байгаль, ёс заншил, ахуй амьдралыг харуулсан 40 гаруй гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.