Японы WedgeHoldings группээс зохион байгуулж буй “Азийн манга зургийн уралдаан”-ы Вьетнам дахь нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Д.Билэгдорж уригдан оролцож, үг хэлэв.
Нээлтэд Вьетнамын ССАЖЯ-ны Дүрслэх урлаг, гэрэл зураг, үзэсгэлэнгийн газрын дэд дарга Чан Тхи Тху Донг, Япон Улсын ЭСЯ-ны Соёл, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ёоко Аназава нар байлцав.
Элчин сайд хэлсэн үгэндээ, шинэ тутам хөгжиж буй манга буюу зурган өгүүлэмжийн бүтээлээр дамжуулан Азийн орнуудын ард түмэн ойртон нөхөрлөх, харилцан ойлголцлыг нь нэмэгдүүлэхэд энэхүү уралдаант төсөл чухал ач холбогдолтой гээд, тус уралдааны шүүгчээр Монголын авьяаслаг уран бүтээлч, Олон улсын манга зургийн 8 дугаар уралдааны Гранпри шагналт, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяр уригдан ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, уралдаант төслийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэв.
Энэхүү уралдааныг Азийн 5 оронд зохион байгуулах бөгөөд Монгол, Япон, Вьетнам уран бүтээлчид шүүгчээр ажиллах юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын түүх, ёс заншлыг харуулсан “Бумбардай” цувралыг сурталчлахад ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж, Вьетнамд суралцаж буй Монгол оюутнууд урлагийн үзүүлбэр сонирхуулав.