Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЛОНДОН ДАХЬ ЭСЯ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Ж.ӨНӨРМААТАЙ ХАМТРАН “ТАЛ НУТГИЙН САЛХИ” СЭДЭВТ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Ж.ӨНӨРМААТАЙ ХАМТРАН “ТАЛ НУТГИЙН САЛХИ” СЭДЭВТ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Лондон хотноо болж байгаа Монгол-Британийн бизнесийн төлөөлөл оролцсон “Лондон бизнес форум”, Хилийн чанад дахь монгол иргэдийн санаачилгаар жил бүрийн “Монгол орны хөгжилд” 13 дахь удаагийн чуулга уулзалтын үйл ажиллагааны хүрээнд “Тал нутгийн салхи” сэдэвт соёлын арга хэмжээ “Asia House” байгууллагын танхимд болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээг Британи дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд 100 гаруй хүмүүс оролцов.

Соёлын арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Баярын хэлсэнчлэн ийм арга хэмжээ нь хоёр орны ард түмэн улам ойртон дотносоход  чухал ач холбогдолтой юм. Элчин сайд “Asia House” байгууллагын Урлагын зөвлөлийн захирал Памела Кемберээр уламжлан тус байгууллага хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Британийн иргэн, Монголын Урлагийн зөвлөлийн олон улсын зөвлөх Сью Бөрнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг Элчин сайд С.Баяр гардуулан өгөв.

Соёлын хөтөлбөрт морин хуурч, хөөмийч Ц.Соёл-Эрдэнэ “Чингис хааны магтаал”, “Түмэн агтын төвөргөөн” зэрэг ая, дуу, Италид Улсад уран бүтээлээ туурвиж байгаа дуурийн дуучин С.Аяана, Италийн дуучин Франко Серри, төгөлдөр хуурч Б.Мандахтуяа нар Монголын болон дэлхийн сонгодог дууны хэсгээс сонордууллаа.

Мөн Монголын зураач, барималчдын уран бүтээлээс үзэгчид үзэж сонирхов.