Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд Итгэмжлэх жуух бичгээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсаас суух анхны Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана хэмээн найдаж буйг илэрхийлсэн юм.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд уламжлаад хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг дурдаад Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах  монголын талын саналыг армяны зүгээс дэмжиж өгөхийг хүсэв.

Элчин сайд Б.Дэлгэрмааг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Э.А.Налбандян, ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутаг, Африкийн газрын захирал В.Асатрян нар мөн хүлээн авч уулзан хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.