Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛ-ХЯТАДЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭЛЭЭ

“МОНГОЛ-ХЯТАДЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭЛЭЭ

“Монгол-Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт–2017” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгууллаа.

Монгол, Хятадын төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 150 гаруй төлөөлөгч оролцсон уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар үг хэлэв.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн өнөөгийн байдлын талаар болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар танилцуулга хийж, хоёр улсын барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ажил хэргийн уулзалт хийв.

ЮАНЬ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

“Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн”–гийн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд боллоо.

ЭСЯ болон Хятадын “Санже соёлыг хөгжүүлэх групп” хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, “Санже соёлыг хөгжүүлэх групп”-ын ерөнхий захирал Санж нар оролцов.

Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүллээ.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж  байна.

Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭВ

БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн холбоотой зурган мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэх санаачилгыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг гаргасны дагуу Элчин сайдын яамны цахим хуудсанд тусгай хаяг нээж, цахим архив үүсгэхээр ажиллаж байна. Цахим архивын нээлтийн ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа.

Цахим архив үүсгэх энэхүү санаачилга нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол иргэд болон Монголын түүх, соёлыг сонирхогч гадаад иргэдийн дэмжлэгтэйгээр биеллээ олох юм.

Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн фото зураг, товч тайлбарыг хаягийн хамтаар ЭСЯ-ны beijing-mhh@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.