Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Италийн Соёлын өв, аялал жуулчлалын яамны дэд сайд Дорина Бианкиг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр олон зуун жилийн түүхтэй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа өнөөг хүртэл амжилттай өргөжиж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа дэд сайд нар илэрхийлэв.
Талууд улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанаас гадна хоёр улсын иргэд хоорондын харилцаа, ялангуяа аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Монгол, Италийн залуус хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд харилцан аялал, уулзалтыг зохион байгуулахаар тогтов.
Уулзалтын төгсгөлд дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий санал, санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.