Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАВАНАД СУРЧ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ КУБЫН СОЁЛ УРЛАГТАЙ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ГАВАНАД СУРЧ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ КУБЫН СОЁЛ УРЛАГТАЙ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад суралцдаг оюутан залуусыг Кубын соёл урлагтай танилцуулах арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гаванагийн Их театрт балетын тоглолт үзүүлэв.

Элчин сайдын гэргий, Хөгжим бүжгийн коллежийн профессор П.Доржпагам монгол оюутнуудыг 500 жилийн түүхтэй Гавана хотын түүх дурсгалын газруудтай танилцуулах соёлын цуврал арга хэмжээг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Виналес байгалийн үзэсгэлэнт газраар тэднийг аялуулан сонирхуулжээ.

Гаванагийн Их театр нь 180 гаруй жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн хуучин Гавана хотын хосгүй өвөрмөц уран барилгын дурсгал аж. Кубын алдарт балетчин Алисиа Алонсогийн сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу 2015 оны 9 дүгээр сард Их театрыг түүний нэрэмжит болгожээ.

Алисиа Алонсогийн нэрэмжит Олон улсын балетын их наадамд Монгол Улсын Соёлын элч, гавьяат жүжигчин  Д.Алтанхуяг 2016 оны 11 дүгээр сард урилгаар оролцож байсан.