Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КУНИО МИКУРИАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КУНИО МИКУРИАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микуриатай танилцах уулзалт хийв. Уулзалтын үеэр манай улс хамрагдаж буй болон цаашид хамрагдахаар төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцав.

Элчин сайд О.Оч ДГБ-ын зүгээс манай улсын гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тусалж дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд манай улс ДГБ-ын “Үндэсний мэдээлэл солилцох сүлжээ” (nCEN), Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрт тус тус хамрагдах сонирхолтой байгааг илэрхийлэв. Эдгээр хөтөлбөрт хамрагдсанаар манай улс гаалийн зөрчлийн мэдээллийг бусад улс оронтой шуурхай солилцож, урьдчилан сэргийлэх, терроризмоос урьдчилан сэргийлэх чадавхаа бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Элчин сайд О.Оч ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх зорилготой ДГБ-ын Меркатор хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 онд эрсдлийн удирдлага, бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн үнэлгээ гэсэн гурван чиглэлээр ДГБ-ын экспертүүд манай улсад очиж сургалт зохион байгуулахаар болсонд талархал илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микуриа ДГБ-ын зүгээс Монгол Улсын гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв.