Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрөв. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар хамтран даргалж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдаанаар талууд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн ач холбогдол, түүнийг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар санал солилцов.
Энэ удаагийн хамтарсан хорооны хуралдааны хүрээнд талууд Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг анх удаа зохион байгууллаа. Түүнчлэн Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, Хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн хурлыг тус тус хийв. Эдгээр салбар хуралдааны дүнг Хамтарсан хорооны үндсэн хуралдаанд тайлагнаж, хуралдааны дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав.