Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прекад Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслолын дараа Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Бүгд Найрамдах Мальта Улсын Парламентын дарга Анжело Фарружиа, Гадаад хэргийн сайд Жорж Велла, Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Фиона Формоса нар Элчин сайд Ц.Жамбалдоржийг тус тус хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол, Мальтын харилцаанд 2016 он ихээхэн онцлог жил байсныг дурдав. Мальта Улсын Ерөнхий сайд Гадаад хэргийн сайдын хамт Монгол Улсад айлчлан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, “Агаарын харилцааны тухай” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг онцлоод хоёр улсын хооронд бодит хамтын ажиллагаа эхлүүлэх боломж буйг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Мальтын харилцааг боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхийн төлөө бодит боломжийг эрэлхийлж ажиллах талаар харилцан санал солилцов.