Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын экспертүүдийн анхдугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдав.
Энэхүү гурван талын уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч дарга А.В.Зеленев нар тус тус ахлав. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, Төмөр замын товчоо, Хөгжлийн банк, ЭКСИМ банкны төлөөлөгчид, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, “Оросын төмөр зам” нийгэмлэг, ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч нар оролцов.
Тус уулзалтаар 2016 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын гуравдугаар уулзалтын үеэр гарын үсэг зурсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замын талаар хэлэлцэв. Тухайлбал хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 талын механизм байгуулах асуудал болон нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар талууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, харилцан санал солилцов.
Уулзалтын үр дүнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд цаашид авах арга хэмжээ болон хэлэлцэн тохиролцсон асуудлаар Протокол байгуулав.