Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрФРАНЦ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН МОНГОЛ НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

ФРАНЦ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН МОНГОЛ НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Монголын орчин цагийн утга зохиолын төлөөлөл болох яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүвэр франц хэлнээ хэвлэгдэн худалдаанд гарч буйг тохиолдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам зохиолч Л.Өлзийтөгс, орчуулагч Р.Мөнхзул, Бореалиа хэвлэлийн газрын редактор Эмили Маж нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Парис хотноо ажиллаж, амьдарч буй монголчууд оролцож, яруу найрагч, орчуулагч нартай харилцан яриа өрнүүлж, санал сэтгэгдлээ хуваалцав. Гадаадын уншигчид монгол орны талаар анхны ойлголт, төсөөллөө баримтат кино, нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр дамжуулан авдаг байсан бол монгол зохиолчийн энэхүү бүтээлээр дамжуулан франц хэлтэн орнуудын олон мянган уншигчид монголын уран зохиолыг таньж мэдэх боломжтой болж байгааг оролцогчид сайшаан талархаж байв.

Уг уулзалт арга хэмжээнээс гадна яруу найрагч Л.Өлзийтөгс Брюссель, Парис хотноо зохиогдож буй номын үзэсгэлэн, TV5 телевиз болон радиогийн нэвтрүүлэгүүдэд уригдан оролцож, Францын Дорно дахины хэл соёл судлалын “ИНАЛКО” сургуулийн монгол хэл судлаач оюутнуудтай уулзсан нь номыг франц хэлтэн уншигч, утга зохиол, сэтгүүл зүйн мэргэжилтнүүдэд сурталчлахын сацуу Монгол орноо танилцуулсан чухал арга хэмжээ болж байна.

Дашрамд дурдахад орчуулагч Р.Мөнхзул зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зохиолыг 2016 онд франц хэл дээр хөрвүүлэн гаргасан бөгөөд Монголын уран зохиолыг гадаадын уншигчдад түгээн таниулж буй түүний хувь нэмрийг үнэлж ГХЯ-ны Өргөмжит шагналаар өнгөрсөн онд шагнасан байна.