Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрКУБЫН ГЕНЕТИКИЙН ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА

КУБЫН ГЕНЕТИКИЙН ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн Ерөнхий захирал Эулогио Пиментел, Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн мэргэжилтэн Абель Эрнандес Веласкес нар 2017 оны 3 дугаар сарын 12-ноос манай улсад ажиллаж байна.

Тэд өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын Клиникийн 1 дүгээр төв эмнэлэг, Халварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгино дахь биокомбинатад ажиллав.

Мөн “Итгэл” сан, ЭмИмпекс концерн, АЙВИКО, Монос Фарм, Сонгдо эмнэлэг, Монфарм трейд зэрэг хувийн хэвшлийн томоохон хөдөө аж ахуй, эм, эмнэлгийн салбарын байгууллагуудаар зочилж, удирдлага ажилтнуудтай санал бодлоо солилцож туршлага хуваалцсан юм.

Төлөөлөгчдийг 2017 оны 3 дугаар сарын 16-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзав. Тэрбээр хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын анагаах ухааны салбарт дэвшилтэд технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв.

 Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн хооронд хамтран ажиллах Эрмэлзэх захидалд хоёр байгууллагын удирдлага гарын үсэг зурав. Эл баримт бичгийг байгуулснаар Талууд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижин өвчний хөлний шархлааны үеийн эмчилгээ, шамбарам, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд Бүгд Найрамдах Куба Улсад албан айлчлал хийх үеэрээ Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, тус төвийн эрдэмтэн мэргэжилтнүүдийг Монгол Улсад ирж ажиллахыг урьсан юм.

Кубын Генетикийн инженер, биотехнологийн төв нь энэ чиглэлээрх дэлхийн таван том төвийн нэг бөгөөд өдгөө 31 охин компани, 78 эмийн үйлдвэр, 22 мянга шахам ажилтантай ажиллаж байна. Төв нь дэлхийн 50 гаруй оронд 45 нэр төрлийн эм-вакцин экспортолж, дэлхийн 23 оронд эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.