Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб , Монголын Ноос, ноолуурын холбоотой хамтран 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудад зориулан манай үндэсний үйлдвэрийн ажиллагааг танилцуулах, ноос, ноолуурын компаниудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион явуулав.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дипкорпусын төлөөлөгчид Эвсэг ХХК-ийн үйлдвэрийг үзэж сонирхсон ба дараа нь манай ноос, ноолуурын компаниудын 2017 оны хаврын шинэ загваруудыг танилцуулах “Elegant Cashmere” арга хэмжээ, ноос, ноолуурын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон цайллага болов. Загвар өмсөгчөөр гадаадын дипломатуудын гэргий нар оролцсон нь энэ загвар үзүүлэлтийн нэг онцлог байв.
Эмэгтэйчүүдийн дипломат клуб болон Монголын ноос, ноолуурын холбооны хамтарсан арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж. Бат-Эрдэнэ үг хэлсэн ба нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь зэрэг албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа гадаадын зарим орны Элчин сайд, дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд оролцов.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээг 1,5-аас 2,0 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн Ноолуур хөтөлбөр батлах гэж байгаа үед болж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь хөтөлбөрийн хэрэгжилтэд бодит нөлөө үзүүлэх юм.
Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон цайллага дээр үг хэлж, хамтарсан арга хэмжээ амжилттай болсныг тэмдэглээд цаашид ч гадаад орны ДТГ-уудтай болон Монголын Ноос, ноолуурын холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төрийн бус байгууллагын статустай 1998 онд ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь ирэх оны гуравдугаар сард тохиож буй байгууллагынхаа 20 жилийн ойг угтах хүрээнд энэхүү арга хэмжээг зохион явуулжээ.