Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОТТАВА ХОТНОО МОНГОЛЫН ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

ОТТАВА ХОТНОО МОНГОЛЫН ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Канадын нийслэл Оттава хотноо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд “Монгол: Мөнх хөх тэнгэрийн орон” сэдэвт үзэсгэлэн 2017 оны 3 дугаар сарын 2-нд нээлтээ хийв. Элчин сайд Р.Алтангэрэл үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, энэхүү үзэсгэлэн нь Монгол улс, монголын соёлыг сурталчлахын зэрэгцээ Оттава хотын 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монголын оруулж буй хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.  Нээлтэд Оттава хотын 150 жилийн ойг тэмдэглэх Үндэсний Комисс, Канадын Парламент, ГХЯ-ны албаны хүмүүс, Оттава хот дахь дипломат корпус, Монгол Улстай ойр дотно ажилладаг байгууллага, бизнес, олон нийтийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцов.

Үзэсгэлэнд нэрт гэрэл зурагчин Б.Баяр, уран зураач Б.Гантулга, Т.Нурмаажав нарын бүтээлээс дэлгэн үзүүлж, бүрэн тавилга бүхий монгол гэр барьж, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтын дээжээс хуран цугларсан зочдод толилуулав. “Хөсөгтөн” хамтлаг Канад Улсын Оттава, Торонто, Монреаль хотноо 2017 оны 3 дугаар сарын 2-7-ний өдрүүдэд аялан тоглолт хийлээ.

Үзэсгэлэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр “The Eagle’s Huntress” баримтат киног Оттава хотын дунд сургуулийн сурагчид болон хотын иргэдэд үзүүлэн сонирхуулав.

Үзэсгэлэнг Оттава хотын иргэд олноор сонирхон үзэж, өндрөөр үнэлэн буйгаас гадна Канадын үндэсний “CBC” телевиз ирж мэдээлэл бэлтгэн олон нийтэд таниулсан нь Монгол Улсыг сурталчилсан томоохон арга хэмжээ боллоо.

Үзэсгэлэнгийн  нээлтэд оролцсон зочдод зориулан Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ хүлээн авалт зохион байгуулж, монгол хоолны дээжээс өргөн барив.