Канадын Торонто хотноо жил бүр зохиогддог Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалт 2017 оны 3 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.
Энэхүү нэр хүндтэй олон улсын арга хэмжээний үеэр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр манай улс Монголын форумыг амжилттай зохион байгуулав. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Их хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Ундраа, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл зэрэг албаны төлөөлөгч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч, Канадын ГХЯ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэр, Экспортыг дэмжих сан, Монгол Улсад хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниуд, хөрөнгө оруулагчид болон манай форумын үйл ажиллагааг сонирхон оролцож буй гадаадын компанийн төлөөлөгчид нийлсэн 200 гаруй хүн оролцов.
Форумын үеэр уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулж, монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай компаниудын одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгол Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдэж буйг санал нэгтэй дүгнэн сайшаав.
Торонтогийн уул уурхайн олон улсын чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Канадын Олон улсын худалдааны сайд, Байгалийн нөөцийн дэд сайд, Экспортыг дэмжих сангийн Төслийн санхүүжилтийн газрын захирал, Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлага, монголд хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын удирдлага нартай тус тус албан ёсоор уулзаж ярилцав. Мөн түүнчлэн 3 дугаар сарын 6-ны өдөр болсон Уул уурхайн сайд нарын дээд түвшний уулзалтад оролцов. Сайд нарын уулзалтад 20 гаруй орны уул уурхайн сайд нар ирсэн байна.
85 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий энэхүү олон улсын чуулга уулзалтад 125 орны 25 мянга гаруй төлөөлөгч оролцож, 500 илүү илтгэл хэлэлцэгдэж, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 900 гаруй үзэсгэлэнгийн булан, танхим ажиллав. Монгол Улсаас Канадын хөрөнгө оруулалттай Erdene Resources, Steppe Gold, Австралийн хөрөнгө оруулалттай Xanadu компаниуд үзэсгэлэнд өөрийн булангаа нээн ажиллуулав.