“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг-Цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 6-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав.
Хүлээн авалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг нар үг хэлж, баяр хүргэв. БНХАУ-ын Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн байгуулалт, цэрэг – улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Шэнь Жихуа тэргүүтэй ХАЧА-ийн төлөөлөгчид, БНХАУ-ын ГХЯ болон бусад байгууллагын төлөөлөл, 82 орны батлан хамгаалахын атташе нар зэрэг 110 гаруй хүн тус хүлээн авалтад оролцов.
Арга хэмжээний хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг Монгол Улсад хавсран суугаа 23 орны батлан хамгаалахын атташе нарт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариулав. Түүнчлэн хошууч генерал Шэнь Жихуа-тай хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.