Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.02.20-2017.02.24

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.02.20-2017.02.24

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУСЛАХ ЗАХИРАГЧ, АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ШУ ХАОЛЯНЬ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянь-ийг хүлээн авч уулзав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭЛЧИН САЙД НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.Талууд 2016 оны сүүлээр Вашингтон хотноо болсон Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярьж тохиролцсон асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГХЯ-ДЫН ЭЭЛЖИТ СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улс, Япон Улсын ГХЯ-дын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахалж оролцов.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРМЯН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Армян Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд С.Манасарянтай Бээжин хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын ойн баярын захидлыг харилцан солилцож, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав.