ОХУ-ын ГХЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг ДТГ-уудын өвлийн 17 дахь спартакиад ОХУ-ын ГХЯ-ны ДТГ-ын Үйлчилгээний Ерөнхий газрын харьяа “Москоу Кантри Клаб”-т 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр явагдав. Спартакиадад 30 гаруй орны ДТГ-ын 300 гаруй тамирчин ширээний теннис, орос бильярд, гүйлтийн цана, мини хөл бөмбөгийн спортын дөрвөн төрлөөр хүч сорилоо. ОХУ-ын ГХЯ-ны ДТГ-ын Үйлчилгээний Ерөнхий газрын дарга А.Ю.Изотов тэмцээнийг нээж, ОХУ-д 2 дугаар сарын 10-ны өдөр тохиож буй Дипломат ажилтнуудын баярын өдрийн мэндчилгээг нийт дипломат ажилтнуудад дэвшүүлж эрүүл мэнд, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Нээлтийн арга хэмжээнд Олимпын аварга, Төрийн Думын Олон улсын хэрэг эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга С.С.Журова, олон удаагийн олимпын аварга Г.Е.Горохова нар оролцсон бол олимпын тангаргийг шүүгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж 2002 оны олимпын гүйлтийн цанын аварга М.П.Иванов, тамирчдыг төлөөлж Казахстан Улсын ЭСЯ-ны Элчин Зөвлөх Э.Сугурбеков тус тус уншив.
ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны нийт хамт олон ширээний теннис, орос бильярд, 4 км гүйлтийн цанын тэмцээнд идэвхтэй оролцож улмаар эмэгтэй ширээний теннисний төрөлд 3 дугаар байрт ЭСЯ-ны нярав Б.Оюунчимэг шалгарав. Тус төрөлд 1 дүгээр байрт ОХУ, 2 дугаар байрт БНХАУ-ын тамирчид тус тус шалгарсан байна.