Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Элчин сайд, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан болон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн төв байранд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгууллаа.

Монгол Улс, ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн тусламжийн хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилго, түүний дотор “Боловсрол 2030 хөтөлбөр” болон Үйл ажиллагааны хүрээний дагуу 2016/2021 онд дараах салбарт хамтран ажиллана. Үүнд:

Боловсрол: Боловсролыг хүний үндсэн эрхийн хувьд дэмжиж,“Боловсрол 2030 хөтөлбөр”, ЮНЕСКО-ийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх замаар боловсролын салбарт техникийн тусламж, бодлогын зөвлөгөө өгөх, харилцан яриа өрнүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэм хэмжээ тогтоох, тэргүүн туршлагыг дэмжих;

Байгалийн шинжлэх ухаан: Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, тогтолцоогсайжруулах, тогтвортой хөгжилд тулгамдаж буй асуудлаарх шинжлэх ухаан, технологийн  хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан: Тэгш хүртээмжтэй нийгмийн хөгжлийг дэмжих, соёлын найрсаг харилцааг тогтоон ойртуулах үүднээс соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжих, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах;

Соёл: Монгол Улсын соёрхон баталсан ЮНЕСКО-ийн Соёлын конвенцуудын хэрэгжилт болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт бодлогын болон шинжээчийн зөвлөмж өгөх замаар соёлд суурилсан тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих;

Харилцаа холбоо,мэдээлэл: Мэдлэг, мэдээлэл олж авах механизмыг сайжруулах, хэвлэл мэдээллийн хөгжлийг бэхжүүлэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих замаар үгэн болон дүрст мэдээллийн чөлөөт урсгалыг хөхиүлэн дэмжих;

Салбар дундын үйл ажиллагаа: Хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийг онцгой анхааран тогтвортой хөгжлийг хангах хүртээмжтэй бодлогыг хөхиүлэн дэмжих зэрэг болно.