Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАВ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАВ

Европын Парламентын чуулганы 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталж, тогтоол гаргалаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос Европын Парламентын Ерөнхийлөгч Антонио Таяанид талархал илэрхийлж, захидал хүргүүлэв. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Европын Парламентын тус тогтоолд үндэслэн Европын Холбооны Зөвлөл уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох шийдвэр гаргана.

Монгол Улс, Европын Холбооны хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болох Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор түншлэлийн цар хүрээ өргөжиж, цаашид хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг, хөгжлийн туслалцаа, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, эрчим хүч, цаг агаарын өөрчлөлт, судалгаа шинжилгээ, инноваци, боловсрол, соёл зэрэг олон салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Европын Парламент анх 1994 онд манай улсын ардчилсан шилжилтийн үйл явцыг дэмжсэн тогтоол гаргаж байсан. Энэ удаа Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан гаргаж буй Монгол Улс, Европын Холбооны харилцааг дэмжсэн тогтоол нь хоёр талын харилцааны цаашдын дүр зураг, агуулгыг цогцоор тодорхойлсон томоохон баримт бичиг боллоо. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцсан Хамтарсан хороо байгуулах, хэлэлцээрт Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын хооронд хамтын ажиллагаа хариуцсан бүлэг байгуулах тухай заалтыг нэмэлт протоколоор оруулах шаардлагатайг тогтоолд дурджээ. Түүнчлэн хоёр талын харилцааг Европын Холбооны зүгээс Бээжин дэх ЭСЯ нь хариуцдаг тул ойрын үед Улаанбаатар дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг бие даасан ЭСЯ болгон өргөжүүлэхийг Европын Холбооны Зөвлөл болон Холбооны Дээд төлөөлөгч буюу Гадаад хэргийн сайдад тус тогтоолоор зөвлөмж болгосон байна.

Мөн энэ тогтоол нь ардчилал, хуулийн засаглал, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжил, худалдаа эдийн засаг, бүс нутаг, дэлхий нийтийн асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг сэдвүүдийг багтаасан бөгөөд Монгол дахь ардчиллын үйл явцад Европын Холбооны зүгээс үнэлэлт дүгнэлт өгч, Монгол Улсын олон улсын тавцан дахь хүчин чармайлтуудыг сайшаан тэмдэглэснээс гадна Европын Холбооны гишүүн орнуудыг Монгол Улсын санал санаачилгуудыг идэвхтэй дэмжин үр бүтээлтэй хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.