Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ БОЛНО

МОНГОЛ УЛС АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ БОЛНО

Япон улсын Кюүшүгийн Технологийн Институт дээр Монгол Улсын анхны хиймэл дагуулыг угсарсныг энэ оны 2 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэн,  Японы сансар тандан судлалын агентлаг (JAXA – Japan Aerospace Exploration Agency)-т сансрын уудамд гаргуулах зорилгоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.

“Мозала” хэмээн нэрлэсэн уг хиймэл дагуулыг докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багш нар болох Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар олон улсын “BIRDS” төслийн хүрээнд 2016 оны 10 дугаар сараас эхлэн угсарч, сансрын орчинг тэсвэрлэх олон улсын сорил туршилтанд тэнцүүлж, Японы сансар тандан судлалын агентлагт шилжүүлэн өгч байгаа бөгөөд энэ оны хавар сансрын уудамд гарч, Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах юм.

Монголын анхны хиймэл дагуул нь сансарт хагас жил орчим ажиллах бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрийн 100 метрийн нарийвчлалтай зургийг сансраас авч газарт дамжуулах, GPS-гүй хиймэл дагуулын байршлыг газрын станцын олон улсын сүлжээг ашиглан өндөр нарийвчлалтай тогтоох, дэлхийд анх удаа нано хиймэл дагуул ашигласан мэдээллийн сүлжээ үүсгэх, авсан мэдээллээ хамтран боловсруулах зэрэг зургаан үүрэг гүйцэтгэх юм байна.

Хөгжиж байгаа орнуудын анхны хиймэл дагуулыг бүтээхэд туслах, боловсон хүчин бэлтгэх, сансрын уудмыг энх тайвны үйлсэд ашиглах, сансар огторгуйг ашиглах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь 2015 оноос Кюүшүгийн Технологийн Институт дээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаа Япон, Монгол, Бангладеш, Нигери, Гана гэсэн таван орон хиймэл дагуулаа хөөргөж байна. Түүнчлэн эдгээр орнууд дээр нэмээд Тайланд, Тайваны их дээд сургуулиуд  хамтран газрын станцын сүлжээ байгуулан хиймэл дагуулыг хөөрөхөөс нь авахуулаад эргэж эх газарт унах хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээ, ажиглалт, туршилт судалгааны ажил хийнэ.