Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ПРАГА ХОТНОО БОЛОВ

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ПРАГА ХОТНОО БОЛОВ

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Монгол-Францын хамтарсан аялал жуулчлалын “Step in Mongolia” компани хамтран Прага хотноо өөрийн орны түүх, ёс заншил, уламжлалыг сурталчлан таниулах соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

Соёлын арга хэмжээний хүрээнд Прага хотын Францын институтийн үзэсгэлэнгийн танхимд Францын гэрэл зурагчин Remi Chapeaublanc-ийн монгол орны ахуй байдал, соёл, ёс заншлын онцлогийг харуулсан гэрэл зургууд тэр дундаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт жил бүр болдог “Эсгийний баяр”-ын тухай гэрэл зургуудыг нийтэд дэлгэн үзүүллээ.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд монголын уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан богино хэмжээний баримтат кино болон морин хуур, хөөмийн тоглолтыг сонирхуулж, үндэснийхээ хоол, идээ ундааг сурталчлан танилцуулав. Түүнчлэн монгол орны түүх, соёл, зан заншил болон аялал жуучлалын салбарын өнөөгийн байдлын талаар нээлттэй санал солилцож,  Монгол Улсыг Чех Улсад сурталчлан таниулах ялангуяа аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.