Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.30-2017.02.03

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.30-2017.02.03

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ РУМЫН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДОРУ КОСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дору Костеаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Д.Костеа Румын Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай товч мэдээлж, Ц.Мөнх-Оргил сайдыг Румын Улсад айлчлахыг урьж,  тус улсын Гадаад хэргийн сайд Т.Мелешканугаас ирүүлсэн урилгыг гардуулав.

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ИНТЕГРАЦЧЛАЛ, МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮН (САЙД) Т.Д.ВАЛОВАЯ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн холбооны интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 2 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, талуудын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ахмет Язалыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд А.Язал Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бататган хөгжүүлэх чиглэлд хүч бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНПУ-ЫН ЭЛЧИН САЙД М.ЛАБЭНДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, Засгийн газар хооронд экспортын зээлийн хэлэлцээр байгуулах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, Польшийн Засгийн газраас жил бүр олгодог тэтгэлгээс гадна Варшавын их сургууль МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж бакалавр, магистрын зэргийн хос диплом олгох “2+2+1” хөтөлбөрийг эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.