САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм. Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 11-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод буй Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Ш.ДУППЕЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ш.Дуппелыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, 2016 оны 11 дүгээр сард хуралдсан хоёр орны Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд германы тал хөнгөлөттэй зээл, буцалтгүй тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэв.