Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 оны 1 дүгээр сарын 27-нд тохиож, талууд энэхүү ойг хамтран тэмдэглэв. Энэ өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар ойн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг хамтран нээж, үг хэлэв.
Эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ, Дипломатын академи, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд 100 орчим хүн оролцов.
Гэрэл зургийн үзэсгэлэнд хоёр талын харилцаанд гарсан амжилт, үүнд хувь нэмэр оруулсан хүмүүс, томоохон үйл явдал, ард түмэн хоорондын харилцаа зэргийг харуулж, мөн энэ хүрээнд Гадаад харилцааны яамны архиваас Америкийн Аполлон-14 сансрын хөлгөөр саран дээр хүргэгдсэн Монголын далбаа, Америкийн худалдаачид Монголоос ноос гаргаж байсан, цахилгаан станц, архины үйлдвэр зэргийг байгуулахаар ажиллаж байсан зэрэг олон сонирхолтой түүхэн баримтуудыг олон нийтэд ил болгов. Мөн зохиолч Ж.Дашдаваагийн “Монгол-Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” номын нээлт болов.
Дипломат харилцааны ойг тохиолдуулан Америкийн “Break of reality” хамтлаг Монголд ирж, Морин хуурын чуулгатай хамтран 30 жилийн ойд зориулсан концерт тоглов.
Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, түнш, томоохон хөрөнгө оруулагч, дотны анд юм. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн. Манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, стратегийн нийтлэг ашиг сонирхолдоо тулгуурлан бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй, тогтвортой байдлын төлөө дуу хоолой нэгтэйгээр идэвхтэй хамтран ажиллаж, хоёр орны энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд мөр зэрэгцэн аюулгүй байдлыг хангахад хувь хэмрээ оруулж байна.
Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч, 2017 оны туршид хамтран тэмдэглэж, олон арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, ойн хүрээнд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг 2017 оны 3 дугаар сард Вашингтон, Нью Йорк, Сан Франциско, Чикаго, Сиэттл зэрэг хотноо аялан тоглолт хийх бөгөөд дэлхийд алдартай Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга энэ оны 6 дугаар сард Монголд анх удаа ирж тоглолт хийнэ.