Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн холбооны интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 2 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, талуудын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа богино хугацаанд идэвхитэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, тус холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Т.Д.Валовая талуудын харилцааг хөгжүүлэхэд монголын тал өндөр ач холбогдол өгч, идэвхи чармайлт гаргаж байгааг дурдаад, хамтын ажиллагааны нөөц бололцоо ихтэй бөгөөд бизнесийн төлөөлөл хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах зэрэг асуудлын талаар санал бодлоо илэрхийлэв.
Талууд худалдааны харилцаан дахь мал эмнэлэг, ургамал эрүүл ахуй, хорио цээр, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан сургалт, семинар, бизнес чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов.
Уулзалтын дараа талууд “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны Протокол” болон “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тус тус гарын үсэг зурав.
Дээрх баримт бичигт зам тээвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн салбар хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, туршлага солилцох, дугуй ширээний уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг тусгасан байна.
Уулзалтад ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчдөөс гадна ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, БНБелУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.И.Кобландин нар оролцов.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, МҮХАҮТ-д зохион байгуулах бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Евразийн эдийн засгийн холбоо, түүний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, санал солилцоно.
Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах нь Монгол улс болон тус холбооны гишүүн улс хоорондын худалдаа дахь тариф болон тарифын бус хориг саадыг арилгах, монголын уламжлалт экспортын бараа, бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, худалдаа, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой юм.
Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван гишүүн орноос бүрдэж байна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа 2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар эхэлсэн бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо, хоёрдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сард Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулаад байна.