Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД ШРИ ЛАНКА УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИЖБ-ЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД ШРИ ЛАНКА УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИЖБ-ЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Гончигийн Ганболд  Шри Ланка Улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисенад 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Шри Ланка Улсын нийслэл Коломбо хотын төв хэсэгт оршдог Ерөнхийлөгчийн ордонд болсон Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаанд Шри Ланка Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах А.В.Абиякун, ЕТГ-ын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Кришанти Виракун, БНАСШлУ-ын Гадаад хэргийн сайд Мангала Самаравира, ГХЯ-ны Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Эсала Виракун, албаны бусад хүмүүс байлцав.

БНАСШлУ-ын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена Элчин сайд Г.Ганболдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа түүнтэй найрсаг дотноор ярилцав. Тэрбээр 30 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны хөлд  өртөж хохирсон улс орондоо үндэсний эвлэрлийг тогтоож, хэв журмыг бэхжүүлэх, эдийн засгийг  өсөлтийг хангах замаар ядуурлыг арилгах, ажлын байруудыг нэмэгдүүлэх,  зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх, бусад улс оронтой найрамдалт харилцаагаа бататган хөгжүүлэхэд чухалчлан анхаарч буйгаа тэмдэглээд Шри Ланка Улс бүх талаар Монгол Улсыг дэмжин ажиллах болно, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэж байна хэмээн өгүүлэв.

Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Майтрипала Сирисенад уламжилж олон талаар нийтлэг төстэй хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд хүч чармайлт тавьж ажиллах болно гэж хэлээд Монгол Улсыг НҮБ-ын Хүний Эрхийн  Зөвлөлд сонгогдоход дэмжлэг үзүүлсэнд Шри Ланка Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.