“Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн дэргэд Өвөр Азийг судлах нийгэм, улс төрийн шинжлэх ухааны олон улсын төв байгуулах тухай Санамж бичиг”-т Монгол Улcын Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал Д.Батжаргал, Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал А.К.Аликбер нар 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурав.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулагдсан тус арга хэмжээг нээж, Элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлэв. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд монголын талаас “Шихихутуг” их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ч.Даваадаш, Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон, оросын талаас ОХУ дахь Монгол Улсын Соёлын элч, Оросын шинжлэх ухааны академиийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлалын төвийн дарга, Дорно дахины судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн А.С.Железняков, Орчин үеийн дорнын нийтлэг асуудлуудыг судлах төвийн дарга С.А.Панарин, Оросын шинжлэх ухааны академийн Нийгмийн хүрээлэнгийн Шинжлэх ухаан, боловсролын төвийн дарга З.Т.Голенка, Москвагийн улсын их сургуулийн Газар зүйн факультетын лабораторийн эрхлэгч В.С.Тикунов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
“Өвөр Азийг судлах нийгэм, улс төрийн шинжлэх ухааны олон улсын төв” нь Төв Азийн орнууд болон ОХУ-ын нийгэм, улс төрийн харилцаа, цаашдын чиг хандлагыг судлах, ухаалаг цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн нэг коридор болох бүс нутгийн аялал жуучлалын коридорыг байгуулах, боловсрол, шинжлэх ухааны өнөөгийн тогтолцоог сайжруулах санал боловсруулах, судалгаа хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулна.