Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.12-2016.12.16

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.12-2016.12.16

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ЭХЛЭВ

Оросын Холбооны Улсад Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд 12 дугаар сарын 14-ний өдрөөс айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 12-р сарын 14-ний өдөр ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 2010 онд байгуулсан Монгол Ардын Нам, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зурлаа.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтад оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцов.

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ээлжит 5 дугаар хуралдаан 12 дугаар сарын 13-нд Берлин хотноо болов. Хуралдааныг монголын талаас Эрчим хүчний сайд П.Ганхүү, германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга В.Шремет нар удирдан явуулав.

АНУ МОНГОЛТОЙ КОМПАКТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Дэд ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар 2016 оны 12 дугаар сарын 14-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой утсаар ярьж, МСК-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан тухай таатай мэдээг сонордуулав.