Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД САУДЫН АРАБЫН ВАНТ УЛСАД АЙЛЧИЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД САУДЫН АРАБЫН ВАНТ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын Саудын Арабт хийж буй айлчлал нь ажлын айлчлал бөгөөд тэрээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

pic-12-22-3

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнуудтай, түүний дотор Саудын Арабтай харилцаагаа илүү идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгааг тэмдэглэв.

Бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхиараа тэргүүлдэг Саудын Арабаас Монголд хөрөнгө оруулалт татах, уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц гээд олон салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг сонирхож байгааг мэдэгдэж, энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжиж ажиллахыг хүсэв.

Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль-Сауд Саудын Арабын гадаад бодлого нэгэн үе Европ руу чиглэж байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг болсон, ялангуяа Төв Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах нь бидний зорилго байх болно гэв.
Тэрбээр Саудын Араб Улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байгааг, Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгааг дурдаад, УИХ-ын даргын тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, найрсаг харилцаатай Монгол Улсад туслахдаа баяртай байх болно гэж цохон тэмдэглэв.

pic-12-22-4

Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль-Сауд хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, үр тарианы импортын худалдааг онцлон чухалчилж байсан ба Монгол Улстай өөр бусад салбарт ч хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гээд тухайлбал уул уурхай, алт зэрэг байгалийн баялгийн хайгуул, олборлолт бол бидний боломжит хамтын ажиллагааны салбар юм гэдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд тэрбээр дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлж чадвал хоёр улсын харилцаанд цоо шинэ үе нээгдэнэ, үүний тулд улс төрийн салбарт өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй гээд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны багийг удахгүй Монголд илгээнэ гэв.