Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Амаль Абдулла Аль-Кубейситэй уулзаж, албан ёсны яриа хэлцээ хийв.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс найрсаг сайн харилцаа хөгжүүлж, хамтын ажиллагааны тодорхой туршлага хуримтлуулж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын харилцааг бүх түвшинд өргөжүүлэх, тухайлбал парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн чухлыг онцлов.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцыг барихад Абу Дабигийн хөгжлийн сан 13 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгосонд Монголын ард түмэн талархаж байдгийг дурдаж, улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж манайд урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, энэ хүрээнд Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллах санал тавив.
Хатагтай Амаль Абдулла Аль-Кубейси хоёр орны парламентын хамтын ажиллагаа бодит түвшинд шинээр эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
Тэрбээр юуны түрүүнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг чухалчилж байгааг тэмдэглэж, давхар татвар ногдуулахгүй байх, визийн асуудлыг хөнгөвчлөх талаар хууль тогтоох болон холбогдох байгууллагууд анхаарах ёстой гэдгийг тодотгов. Мөн хоёр орны хооронд агаарын тээврийн шууд нислэг хийх нь харилцааг идэвхжүүлэхэд бодит түлхэц болохыг онцолж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Хатагтай Амаль Абдулла Аль-Кубейси эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно, энэ нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон АНЭУ-ын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Амаль Абдулла Аль-Кубейси нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт 2016 оны 12 дугаар сарын 18-нд Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.