Гадаад харилцааны төв архивын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Цахим архив” хэлэлцүүлэг 12 дугаар сарын 16-нд амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Архивын Ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Хил хамгаалах ерөнхий газрын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Оюуны өмч, улсын бүртгэлийн төв архив, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн төв, Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчин ус цаг уурын мэдээллийн төв, Эрүүгийн хэргийн төв архив, Шүүхийн төрөлжсөн архив болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архив зэрэг төв, төрөлжсөн, салбар 13 архивын дарга, удирдлагууд цахим архивын мэргэжилтнүүд нийлсэн 40-өөд хүн оролцлоо.
Гадаад харилцааны төв архиваас “Цахим архив-тулгарч буй асуудал” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, өөрсдийн ажлын туршлагаас хуваалцаж, архивын баримтын тоо бүртгэлийг хялбаршуулах зарим саналыг АЕГ болон бусад мэргэжил нэгт архивууддаа дэвшүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогсод өөр өөрийн архивын онцлог болон цахим баримт үйлдэх, цахим баримтын хадгалалт хамгаалалт, цахим мэдээллийн сангийн талаар тулгарч буй асуудлын талаар илэн далангүй ярилцаж, цаг үеэ олсон уг хэлэлцүүлгийг цаашдаа улам олон зохион байгуулах шаардлагатай талаар саналаа илэрхийлж байв.