Оросын Холбооны Улсад Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд 12 дугаар сарын 14-ний өдрөөс айлчилж байна. Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон “Нэгдмэл Орос” намын албаны хүмүүс Шереметьево олон улсын нисэх буудалд угтав.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 12-р сарын 14-ний өдөр ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 2010 онд байгуулсан Монгол Ардын Нам, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зурлаа.
Мөн Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москвагийн эрчим хүчний их сургуулийг Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг тус сургуулийн удирдлагад гардуулав.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр ОХУ-ын Сбербанкны удирдах гишүүн бөгөөд Худалдааны санхүүжилт, банк хоорондын харилцааны асуудал эрхэлсэн захиргааны тэргүүн А.Ивановтай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээ, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Сбербанк хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Уг Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо.
Улсын Их Хурлын даргын айлчлал үргэлжилж байна.