Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.05-2016.12.09

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.05-2016.12.09

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Т.ШИМИЗҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү-г бүр мөсөн эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Т.Шимизү 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орсноос хойш нийт 41 жил ажилласан тухайгаа дурдаад энэ хугацаанд Монгол, Японы харилцаа өндөр түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Японы харилцаа өнөөгийн өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Т.Шимизү-гийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд цаашид ч өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийлэв.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт ХБНГУ-ын Хамбург хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид хуран цугларсан энэхүү уулзалтад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байна.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МОНГОЛ ИРГЭДЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОЖ БАЙХ ХҮСЭЛТ ТАВЬЖ НООТ ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардууллаа.